Яг ийм байсын |
Дээр үеийн сайхан нийллэг санаанд ороод бичмээр санагдлаа. Найман жилд байхдаа Шинэ жилээр нийлнэ гээд нээх хөөрхөн юм болдог байж билээ. Тэр үед чинь үйлдвэрийн бэлэн зэхээний юм ховор, бүгдийг гараараа хийж, хүч хөдөлмөрөөрөө босгож аваад л тэгээд идэж өгнө.
Эхлээл ангийнханыгаа 3-4 бүлэг хуваана. Тэгээд бүлэг дотороо ямар хоол хийх, уух юм юу байх, чихрийн таваг хэн авчирах, аяга халбага, сэрээ хэн авчирах, тавган дээрээ юу тавих энэ тэр гээд бэлдэнэ. Нэг хүүхэд 20 бууз хийж ирэх, бас 2 хүүхэд дундаа нэг халуун сав сүүтэй цай авчрах гээд нээх хөөрхөн.
Би нь сургуулийн Дотуур байранд амьдардаг байсан тул тийм боломж байхгүй манай бүлгийнхэн намайг шууд 100 хувь даана хэ хэ хэ. За тэгээд нөгөө товолсон өдрөө, халуун савтай хоол, цайгаа барьж ирээл ангийнхаа ширээг бүлгийн тоогоор нийлүүлээд дээр нь сайхан даавуун бүтээлэг тавиад за тэгээд авчирсан юмаа бүгдий нь өрнө дөө. За тэгээд бүгд бэлдээл авангуут сайхан идэж эхэлнэ гэж байгаа.
За тэгээд ер нь ширээ бүрт байгаа юм нь ижилхэн байна. Ундаа гэж нөгөө шилтэй Нимбэг, Тоор, Жүрж энэ тэр гэсэн ярликтай. Эс бөгөөс гэр гэртээ компот исгэснээ авчирч ууна даа. Архи дарс байсан биш тэгээд ч сургууль дээр нийлж байгаа үед тийм зүйл хориотой.
Тэгээд хөгжимтэй айлын хүүхэд нь хөгжимөө авчирч цэнхэр хуурцагаа тавиад Задгай цагаан, Ёохор, Өндөр дэлгүүр, Хүмүүн төрөлхтөн, Жаахан Дулмаа, Гурван тамирын Уянга, Вальс гээд бүжиглэж гарна даа. Ямар диско энэ тэр нь байсан биш дандаа нийтийн бүжиг тавьдаг байлаа. Гоё ч гэж юүхэв. Охид бүгд нугалаатай юбкатай ирээд ёстой намирна даа. Тэгээл бүжиглээд ядрахаараа айл хэсчийн гээл нөгөө ширээнүүдийнхээ бууз, цайны амтыг амсаал явж өгнө. Их л гоё нийллэг болдог байсан юм.
Тэгээд өчигдөр хөдөө сумаас бага ангийн багшийн ажилтай үеэл маань мэнд мэдэж залгахаар нь гэнэт нөгөө сайхан нийллэг санаанд ороод асуутал тиймээ яг тэр үе шигээ л хоолоо хувааж хийгээл, цайгаа барьж ирээл нийлж байгаа. Гэхдээ хуурай идэх юм чихэр, жимс, ундаа нь элбэг болхоор арай өөр болсоон гэж байна.
Ноднин манай ээж настангуудын шинэ жилд орох гэж байгаа, хүн бүр 15 бууз нэг сав цай, тавагны идээтэй ир гэсэн гээл ярьж байсан юм. Гоё шүү дээ тийм нийллэг.
энэ их нандин сайхан дурсамж байнаа гэж...
ReplyDeleteХэлээд юүхэвээ УУБ минь.
ReplyDelete