Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 22 August 2019

Хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд

Миний хайрт ЭЭЖ 30 жил элэгний С вирустэй тэмцээд түүнийг ялаад тэнгэр өөд мориллоо.


Миний ЭЭЖ 30 жилийн өмнө буцалгадаг зүү тариураас С вирусны халдвар авсан байдаг юм. Өөр улсад бол ийм халдвар авсан хүмүүстээ анхаарал тавиад аль эрт арга хэмжээ авсан байгаа.
 
Гэхдээ миний ЭЭЖ эрт оношлогдож, ямар өвчин туссанаа мэдэж, маш олон жил өөрийгөө мэдэрч, хэзээ хаана юу хийх, хаашаа явах, юу идэх үгүйгээ маш сайн мэдэж байсан мундаг өвчтөн.

Би өвчтэй юм чинь чи эмч бол ч гэдэг юм уу би л өвчтэй гэж нэг ч удаа янгуучилж, хүнд төвөг учруулж байгаагүй хатуужилтай, жинхэнэ малч ухаантай хүн бол миний ЭЭЖ байсан.

Үе тэнгийн үхэр жилтэнгүүд нь зүв зүгээр алхаж байгааг хараад, өөрөөс нь өч төчнөөн ах эгч хүмүүс сайхан насалж байгааг хараад хайрт ээжийнхээ өмнөөс маш их харамсаж байна.

Хорвоо дээр нэг ч хүнд хатуу, муу үг хэлж байгаагүй, хүн бүхний хайрыг татсан, хэнийг ч гомдоож байгаагүй, хорхойд хоргүй хүн бол миний ЭЭЖ байлаа.

ЭЭЖ маань хоёр нүдний минь өмнө амьсгал хураасан ч гэлээ үнэхээр итгэж чадахгүй байна. Миний ЭЭЖ хаа нэгтэй сайхан алхаж яваа юм шиг санагдаж байна.

Энэ сайхан хүний охин нь болж төрөөд оносноос илүү алдсан, баярлуулснаас илүү гомдоосон зүйл олон байгаа байх.

Охиндоо их хайрлагдаж, их эрхэлж чадалгүй буцсанд үнэхээр харамсаад өөртөө гомдоод гомдоод баршгүй.

2013 оны хавар нэг жил уурхайд ажилласан цалингаа өвөртлөөд дүүгээрээ ээжийг Солонгост хүргүүлээд би өөрөө эндээс очоод Сөүлийн Анам эмнэлэгт үзүүлж байлаа. Эмч нь хэлэхдээ 3 газар үсэрхийлсэн байна. Хагалгаа хийгээд найдвар муу гэхдээ сорьц авч байж мэднэ. Яваандаа элэг солиулсан нь дээр гэж хэллээ.

Ээж маань өөрийгөө маш сайн мэддэг хүн байсан тул гадаа гараад ЭЭЖ нь хагалгаа хийлгэхгүй ээ, олон жил уламжлалт анагаахаар явсан, одоо ингэж өөрчлөхгүй гээд зөрж билээ. Би битүүхэндээ гомдоод, таныг эрүүл саруул болгомоор байхад та яагаад ингэж байна вэ гэтэл би та 3-ыг /эхээс 3-лаа/ хоолонд чинь хүргэчих юмсан гэж бодож байсан. Одоо та 3 хоолонд хүрсэн болохоор ээжид нь харамсах юм алга. Биендээ мэс хүргэхгүй гэж билээ.

Анам эмнэлэгийн гадаа бид 2 бөөн уйлаан майлаан болсон байдаг юм. Ээж нь өөрийгөө мэдэж байгаа, чамайг үзүүлий харуулий, эрүүл саруул болгоё гээд гүйгээд байхаар чинь ээж нь охиныхоо сэтгэлийг бодож ирсэн юмаа гэж билээ.

Миний ЭЭЖ үг дуу, цөөтэй, олон юм яриад байдаггүй, хэлье гэсэн зүйлээ шавхийтэл хэлчихдэг холч ухаантай хүн байсан.

Одоо бодоход тэр үед Солонгост мэс хүргээгүй нь үнэхээр болсон ажээ. Хэрэв хагалгаанд орсон бол ЭЭЖ маань өдий болтол наслаа ч үү, /Солонгост хагалгаанд орсон хүмүүс жил хүрэхгүй л өнгөрдөг болоод байна/. Ээжийн маань зөв байжээ гэдэгийг хожим л ухаарах юм даа.

Солонгосоос өмнө 2007 бил үү 2008 онд бас л ээждээ гоё юм үзүүлий гээд л Энэтхэг улс яваад Таж Махал үзүүлсэн юм. Эвий дээ ЭЭЖ маань их л ярих юмтай ирж билээ. Явсан, суусан газарынх нь зургуудийг угаалгаад альбом болгоод хөдөө явуулсан юм. Нээх гоё гоё тайлбар бичсэн байж билээ. Эвий дээ миний муу ЭЭЖ.

Хүн л болсон хойно тэгэхэд нь ингэхгүй яав, ингэхэд нь тэгэхгүй яав гэж бодож өөрийгөө буруутгаж сууна.

 Ээжийгээ орхиод 10 жил хүний нутагт амьдарчээ. 10 жилийн ядаж ганц жилд нь ЭЭЖ дээрээ очиж хамт байхгүй дээ гэж бодсоор харамссаар сууна.

Хүн гэдэг нь мөнгө хөрөнгө, эрээн даавуу элдэв хөрөнгөөр дутдаггүй ганцхан бүлээн амиар дутдаг юм байна. Алс холоос их мөнгө, эрдэм мэдлэг өөр хүссэн бүхнээ олоод очино гэж бодож болохгүй, ээждээ очих хэдхэн минут, цагийн газар ойр амьдрах нь хамаагүй холч юм байна шүү.

Бие биедээ ойрхон байж бидний амьдрал утга учиртай, данх цайгаа хувааж уух яриатай, аав ээжийнхээ элгийг дэвтээж байдаг юм байна.

Амьдралын минь ар талын бат бөх хана нурж, ангал уруу үсэрч байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Хэдий хол ч гэлээ байнга утсаар ярьдаг маань үгүйлэгдэж байн байн утсаа шүүрэн ававч өө хэн рүү ч ярих билээ гэж бодогдох гунигт мэдрэмжээр өдөр хоногийг өнгөрөөж байна.

Хаашаа ч хамаагүй алхаад яваад өгмөөр санагдах хүртэл ганцаардаж, ЭЭЖ-гүйдэж сууна.

ХАЙРТ ЭЭЖ МИНЬ МӨНХ ХӨХ ТЭНГЭРТЭЭ ТАЙВАН НОЙРСООРОЙ.

2 comments:

  1. гүн эмгэнэл илэрхийлье :((

    ReplyDelete
  2. нодлин ээжийгээ бас ижил өвчнөөр алдчихаад яг энэ үед хамт байгаагүй, хийж өгч чадаагүй бүхнээ бодоод зүгээр сууж байгаад л нулимс гараад байдаг үе байж билээ. ээжээс минь өндөр настай хүмүүс эрүүл саруул сайхан явж байхыг хараад яалтчгүй атаархдаг юм байна лээ, хол удаан байсны хүчинд ч гэх юмуу утсаар ярилгүй удаж байгаа л юм шиг санагддаг юм байна. уйлмаар байвал уйлаарай, хатуу чанга байх гэж хичээх хэрэггүй ээ. гүн эмгэнэл илэрхийлье

    ReplyDelete